Өөрийгөө ялахуй.

Сэрүүн салхи сэвэлзэн намар цаг иржээ. Харуй бүрий нөмрөн айсуй. Нэгэн хүн аажуухан гүйн ойртоно. Түүний хөлийн аясаар шар навчис ийш тийш хуйлран хийснэ. Тэр гүйж буй хүний өмнөөс телевизийн зураглаач камераа шагайна хажууд нь хөтлөгч микрофоноо барин ийнхүү тайлбараа хийнэ: Сайн байцгаан уу Эрхэм хүндэт үзэгчдээ, бид яг одоо 24 цагийн хэт холын зайн "Өөрийгөө Ялах" нэртэй гүйлтийн тэмцээн дээрээс сурвалжилж байна, Энэхүү тэмцээнд гүйлт сонирхогч болон мэргэжлийн тамирчид нийлсэн 50 гаруй хүн оролцож байна, одоо үдшийн 21:00 цаг болж байна, яг 24 цагийн дараа тамирчид маань бариандаа орох болно, гэж ярих хөтлөгчийн хажуугаар өнөөх хүн гүйсээр замаа даган цааш одов.

Тэрээр гүйсээр л байлаа. Зарим нэг нь хурдтайгаар хажуугаар нь гүйцэж түрүүлж өөр нэгэн нь ард нь хоцорч байлаа, тэрээр гүйсээр л байлаа цаг хугацаа зогссон мэт огт урагшилж өгөхгүй зам харгуй дуусашгүй мэт үргэлжилсээр л байв, Түүнд энэ байдал нь үнэхээр хүнд бөгөөд хэцүү байсан ч тэрээр гүйсээр л байлаа. Түнэр харанхуй нөмөрч шөнө дунд болжээ нөгөө хүн бас л зогсолтгүй гүйсээр л байв. Гүйлтийн замд ингэж явахад нь анир чимээгүй хөлийн дуунаас нь өөр юу ч сонсогдохгүй байх нэг бодлын таатай байсан нь түүнд олон зүйлсийг эргэцүүлж тунгаан бодох завшаан олдсон нь энэ бөгөөд тэрээр улам урагшилсаар байв. Удалгүй үүр цайж өглөө болов нөгөө хүн гүйсээр л байлаа. Бусад тамирчид ихэнх нь хэсэг амарч зарим нь хоромхон зуур дугхийж байлаа. Харин тэр гүйгч огт цурам хийлгүйгээр гүйсээр л байлаа. Наран дээш хөөрч үд хэвийж байлаа нөгөө гүйгчийн хөл гар нуруу гээд ер нь өвдөхгүй зүйл гэж огт байсангүй гэвч тэрээр шүд зуун гүйсээр л байв. Гараанаас тамирчид гарснаас хойш 18 цагийг ардаа орхижээ нөгөө гүйгч тэр олон өвдөлт зовлон шаналлыг бүхэл биеэрээ мэдрэн заримдаа алхаж замаа хороож байв. Түүнд газар хөлөө зөөж тавих нь хүртэл маш хүнд бүр амаа хөдөлгөж хүнтэй юм ярихад хүртэл хэцүү болж тамир тэнхээ нь барагдаж байх шиг санагдана, Хэн нэгэн нь: хөөе ингэж биеэ зовоож байхаар зогсоогоод замаасаа гарчхаад тэртээ тэргүй чиний урд олон хүн байна, байр шагнал бодолтгүй чи бараг сүүл мушгиж явна дэмий ингэж өөрийгөө зовоож юу хийнэ гэж зэргээр найз нөхөд нь гүйх зуур нь хэсэг дагаж элдвийг ярина, Нөгөө гүйгч хэлсэн нь: надад хэдэд орох, ямар шагнал явах нь гол биш, Миний зорилго бол замаа дуусгаж бариандаа орох нь хамгийн чухал, Би амьдралдаа ганц удаа ч болов энэ гүйлтээр дамжуулан өөрийгөө ялмаар байна гэж хэлэхэд элдвийг ярьж байсан хүмүүсийн ам дуугүй болж түүнд ч гүйхэд нь элдэв шуугиангүй амар болов. Ахин нэгэн өдөр өнгөрч Наран, Саран хоёр ээлжээ солилцон түнэр харанхуй нөмөрч эхэллээ. Өнөөх гүйгч хэчнээн удаан байсан ч гүйлтээ зогсоосонгүй, Би зорилгодоо хүрэх ёстой хэмээн өөртөө хэлсээр урагшилна. Тэмцээн эхэлснээс хойш 23 цаг өнгөрөөд байлаа. Барианы зурвас ойртсоор сонирхогч дэмжигч мэдээллийн хэрэгслүүд зэрэг олон хүмүүс цугларч байв. 24 цаг дуусахад сүүлийн нэг минут үлдэж нөгөө гүйгч сүүлчийн шахуу хүчээ шавхан урагш гүйсээр бариа руу тэмүүлнэ. Алга ташилт хүмүүсийн орилох дуу, энэ тэндээс гялбах апрадын гэрэл, даган дэмжин гүйх хүүхдүүдийн хашхиралдаан зэрэг хорвоогийн үй түмэн чимээ хөндлөнгийн хүнд ийн сонсогдоно харин нөгөө гүйгчийн чихэнд юу ч үл сонсогдоно гагцхүү барианы зурвасын зүг хараа цавчилгүй гүйсээр эцсийн гэж болох хүчээ гарган Бариандаа баярын нулимстайгаар орж сөгдөхийн унажээ. Бусдын хүчээр дээш өргөгдөн босоод хэсэг амарсны дараа орчин тойронд юу болж буйг анзаарах сэхээтэй болжээ, Тэр гүйгч хязгааргүй их баяр баясгалантайгаар мишээхийн дээдээр мишээж байв, Хамгийн гол нь тэр зорилгодоо хүрчээ, өмнөө таарсан ямар саад бэрхшээлийг үл тоон зөвхөн зорилго өдөө тэмүүлсэн нь ийнхүү баясгалантай мишээхийн гол утга учир нь байв. Ингэж тэрээр анх удаагаа өөрийгөө ялсан нь түүний амьдралын хамгийн дурсамжтай нэгэн хэсэг болж хэзээ ч мартагдахааргүй нэгэн өдөр нь ийнхүү өнгөрөв. Өнөөх гүйгчийг тойрон бүчих олон хүмүүсийн дундуур тэмцээний шүүгч зүтгэн хажууд нь ирснээ нэгэн зүйлийг чихэнд нь шивнэжээ. Шүүгч хэлэхдээ: Баяр хүргэе Та 138 км гүйж Хүрэл медалийн болзол хангалаа гэжээ.

Гүйдэг - Эрдэнэбаатар

Зөвхөн гурван ялагч байдаг:
Өөрөө өөртэйгөө уралдсан нэг ялагч
Өрөөл бусдаас түрүүлсэн нэг ялагч
Туулах зайгаа дуусгаж чадсан нэг ялагч - /Шри Чинмой/

3 Сэтгэгдэл:

Mr.Gray said...

Hero -ийн бичлэг ч эрч хүчээр ч дүүрэн байнадаа, Уншаад дуусхад нэг л сайхан , ёстой л өөрийгөө өмнөхөөсөө илүүтэйгээр хөгжүүлмээр санагдаж байнашүү

Anonymous said...

Нүдэнд харагдтал бичжээ. Өөрийгөө ялна гэдэг хамгаас үнэтэй ялалт. Өөрийгөө ялж чадвал ...

баярлалаа

Mr. Gray: баярлалаа андаа.
Зочин: тийм шүү.