Хан Хөвгүүний дууль оршвой

Даамай танхил Баатар нь
Дулимаг цөөн үгээ сийрүүлэн
Өнө эртний цагт болсон
Өр зүрхний нэгэн дуулийг өчье.


Гэрэлт наран мандах улсад
Гэгээн тунгалаг хөвгүүн аж төрдөг байв.
Хааны удам залгах
Халгаашгүй нигуур үүрсэн учир
Улс орноо тандан таньж
Ухаан санаагаа ургуулан тэлэхээр
Олон газрын хөлөөр
Онч мэргэдийн айлдвар сонордох болов.
Эрдэм төгс зураачийн эгэлгүй урланд
Эрхэм зочин хөвгүүн нэгэнтээ саатжээ.
Хамаг бүтээлийн дундаас
Хосгүй нэгэн зургийг олж зогтусав.
Сахиусан тэнгэр гэлтэй
Солонгорон туяарах охины,
Бийр янтайгаар бүтээгдсэн
Будаг гуашаар урлагдасан дүрийг ажин,
Мэлмий минь юу үзэх нь энэ бэ
Магад үнэн гэж үү, хэмээн уулга алджээ.
Зураачийн өгүүлэхийг тунгааж аваад
Зурмал охины хойноос холын зүг одов.
Эрлийн үзүүр хумигдаж гэнэ
Эгэл бие нь алжааж гэнэ
Тэмүүллийн оч мөхөх дөхөв
Төгөл модонд төөрөх шахав.
Хөвгүүний сэтгэл ихэд гуньхарч
Халгих далайн эрэг дээр амсхийн нэг тухлав.
Зүүд зэрэглээн дунд нойрмоглож байхад
Зүүн чихэнд нь салхи исгэрчээ
Өвөр энгэрт нь байсан охины зураг
Өвсөн хамхуул адил хийс ч явна гэнэ.
Хөлийн хурд мэдэн
Хөөж гүйцэн очвоос
Сахиусан тэнгэр болсон зургийг нь
Саруул дүрээрээ өнөөх охин
Чиний юмс салхиар дутаан одох дөхлөө гээд
Чанх өөдөөс нь бариад зогс ч байв.
Би зүүдлэв үү бие минь хий харав уу
Барин тавьж үзээд баттай гэгч нь итгэжээ.
Өдөр шөнийн зүүд минь болсон
Өнгөт ертөнцийн гуа үзэсгэлэн минь
Сар жилийн уртад бүдэчсээр
Сая л би чамайг оллоо
Төрсөн биеийг чинь хархаар
Түмэн олны дундаас сүвэгчиллээ
Чамаас би хагацаж чадахгүй нь
Чин сэтгэлээ нээж би уудалъя хэмээн
Хан хөвгүүн өгүүлэн
Хамаг зүрхээ бэлэглэжээ.
Идэр чийрэг биетэй
Итгэл зориг өвөртөлж ирсэн хөвгүүнд
Охины сэтгэл ихэд уярав гэнэ
Оломгүй сэтгэлээр түүнд татагджээ.
Хором мөч бүхнийг хамтдаа
Хос хоёр салшгүй байдаг болжээ.
Үзэсгэлэн гоо охиныг алхахад
Үзэмж төгс цэцэгс бөхийнө
Жиргэн дүүлэх шувууд
Тойрон бүчин эргэлдэнэ
Торгон зөөлөн үс нь
Тогтуун салхиар намирхад
Ханагар цээжээрээ нөмөр болж
Хөвгүүн түүнийг тэврэхэд
Хэлж өгүүлшгүй мэдрэмжийг тэд амсана.
Ар гэрээн умартаж хөвгүүн
Алсад суурьших болов гэнэ.
Удам залгах хан хүү нь
Уул усны цаадах газарт
Харц ардын охинтой ханилж
Хаан эцгээ мартсанд
Бачим ихээр уурсаж
Барлаг зарцаа нараа сандарган
Түшмэд ноёддоо цуглуулж
Түргэн гэгч нь олж ирэхийг
Алтан Хаан эцэг нь
Албадан тушааж гэнэ.
Ханьсах жаргалыг эдлэн
Хорвоогийн амьдралыг туулсаар
Гарч ирэх зовлонг таамаглаагүй
Гал удаан асахгүйг ухааралгүй
Саваагүй залуу насанд эндэхгүй гэж сэтгэн
Салж сарних болсон мөч ирснийг
Хөвгүүн охин хоёр яахан мэдэх билээ.
Уйлан хайлуулж чирсээр
Учрал бүхнээс нь хагацуулж
Үүрэг захиас авсан албатууд
Үлдээж охиныг орхиод
Хүн бүлийн хүчээр давамгайлж
Хан хөвгүүнийг аваад оджээ.
Нулимсаараа далай цутгаж
Нутагтаа ганцаар хоцорсон охин
Гансрал шаналлын ертөнцөөр
Галзуурах дөхөн амьсгална.
Холоос ирлээ хөвгүүн минь гэж
Хаанд өргөмжилхөөр эцэг нь
Баяр наадмын байдалтай
Бэлтгэж хүлээсэн сэтгэлээр
Угсаа залгамжлах хан хүүгээ
Урмын үгсээр угтжээ.
Ирсэн цагаас хойш хөвгүүн
Илаарших шинжгүй хүнд өвчин тусжээ.
Өдөр хоног ирэх тутам
Өөдлөх шинж илэрсэнгүй гэнэ.
Хаан эцгийн санаа нь зовж
Хамгийн цуутай домчдыг цуглуулжээ
Оношилж үзсэн бүхэн
Одоо ганцхан л арга байгааг сануулна.
Хорвоод ганцхан үрээ
Хадан гэрт нь илгээхгүйн тулд
Оточ мэргэдийн хэлсэн үгийг дагаж
Алс холын нутаг тийш
Амраг хайрт руу нь хүргэж өгөхөөр
Хаан Эцэг, Хатан Ээж хоёр нь
Хөвгүүнээ аваад морджээ.
Хос хоёр дахин уулзжээ
Хорвоод дахин тэд хагацахгүй болжээ.
Эмгэг өвчнөөсөө салаад хөвгүүн
Эмтэрсэн сэтгэлээ дэвтээж
Сахиусан тэнгэр болсон охиноо
Санаж бэдрэхийн ихээр хайрлаж
Хүмүүний энэхэн орчлонд
Хойшдоо тэд амар сайхан жаргажээ
Ийм сайхан учралыг Бурхад тэдэнд заяажээ.

Сийрэгхэн тархиа өрнүүлж
Сийрүүлж бичлээ би
Магад сайн болоогүй ч байж мэднэ
Маргаж сэдэх зүйл ч гарч мэднэ
Харь хэлээр миний Алдарыг
Херо гэж дуудаарай.
Тийм сайхан дурсамжаа үлдээчхээд
Тэртээх он жилүүдийн уртад
Тэврээс минь нисэн одсон Анхныхдаа,
Хос бүхэн хагацашгүй байгаасай хэмээн зориуллаа.

Тууль хайлсан - Г. Эрдэнэбаатар

0 Сэтгэгдэл: